Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЧУУЛГА УУЛЗАЛТ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БИЗНЕСИЙН САЛБАР ХУРАЛДААНААР ЭХЭЛЛЭЭ 

ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЧУУЛГА УУЛЗАЛТ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БИЗНЕСИЙН САЛБАР ХУРАЛДААНААР ЭХЭЛЛЭЭ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнесийн салбар хуралдаанаар эхэллээ.

Салбар хуралдааны нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок Хамилтон, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Худалдааны дэд сайд Бүнтөнг Дуангсаван, НҮБ-ын Суурийн төлөөлөгч Тапан Мишра нар оролцож үг хэлэв.

Тус чуулга уулзалтын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтыг НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй бөгөөд нийт 23 далайд гарцгүй хөгжиж буй орны үндэсний зохицуулагчид тус уулзалтад оролцож, тэдэнд тулгарч буй бэрхшээл, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар ярилцаж, цаашид Руанда Улсад 2024 оны 6 дугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хурал дуу хоолойгоо нэгтгэн хүргэнэ.

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын эхний өдөр ноос, ноолуур, арьс шир болон мэдээллийн технологийн салбарын компаниудын B2B уулзалтууд болж, гадаад дотоодын 110 компанийн төлөөлөл оролцов. Мөн тус чуулга уулзалтын хүрээнд  жижиг, дунд үйлдэрлэгчдийн экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт маргааш буюу 6 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт болно.