Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛСЫН ХОС БӨХТ ТЭМЭЭ – ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, СТРАТЕГИ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛСЫН ХОС БӨХТ ТЭМЭЭ – ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, СТРАТЕГИ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Жил бүрийн 6 дугаар сарын 22-нд Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэх хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын тэмээний аж ахуй, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, салбар дундын уялдааг хангах, экспортыг дэмжих, олон талт түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Монгол Улсын хос бөхт тэмээ-хөгжлийн боломж, стратеги” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-нд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын ноос ноолуурын холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Тэмээн соёл, уралдааны холбоо, “Тэмээн соёл” ТББ, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ТЭСО групп, Баянхонгор аймгийн “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ дэмжин оролцов.

Монгол Улс нь хос бөхтэй тэмээний өлгий нутаг билээ. Улсын 2022 оны мал тооллогын дүнгээр Монгол Улс 470.4 мянган тэмээтэй байна. Хос бөхт тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсын олон улсын хэмжээнд ялгарах өвөрмөц онцлог бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих, олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад худалдааны уламжлалт болон шинэ түнш орнуудын зах зээлд тогтвортой гаргах, худалдаа эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.

Тус яамны дэмжлэгтэйгээр “Монголын Мэдээлэл, Худалдааг дэмжих төв”-ийн “Mongolian Green Labels” дэлгүүрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2019 онд нээсэн бөгөөд дэлгүүрийн онлайн сүлжээгээр дамжуулан Европын холбооны 400 гаруй сая хүн ам бүхий худалдан авах чадвар харьцангуй сайтай зах зээлд Монгол Улсын бараа бүтээгдэхүүн гарах нөхцөл боломж бүрдэж байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын тэмээний аж ахуйн талаар баримтлах бодлого, арга хэмжээ, бүс нутгийн тэмээний аж ахуй, Монгол Улсын боломж, санаачилга, ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, орон нутагт байгуулах ингэний аж ахуй, сүүний үйлдвэрийн цогц төсөл, Тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах санаачилга, Тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэл, цаашдын зорилт, Тэмээн соёл, Тэмээн уралдаан, аялал жуулчлал зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Зөвлөлдөх уулзалтын үеэр салбарын дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээж бичил үзэсгэлэн гаргав.

Зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын тэмээний аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, тэмээ, тэмээн соёл уламжлалыг хадгалж хамгаалах, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад Дэлхийн хос бөхт тэмээний холбоог байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх, Дэлхийн тэмээний өдрийг цаашид уламжлан тэмдэглэх, НҮБ-аас зарласан Олон улсын тэмээчдийн жил /2024 он/-ийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, Монгол Улс бүс нутаг, олон улсад үр дүнтэй хамтран ажиллах чиглэлд зөвлөмж гаргав.