Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнөөдөр итгэмжлэх захидлаа гардууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн Банкыг төлөөлж манай улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон ноён Таехюн Ли-д баяр хүргэж, Монгол Улс Дэлхийн Банканд 1991 онд гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдав.
Түүнчлэн Монгол Улс, Дэлхийн Банкны үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус байгууллагын зүгээс Монгол Улсад үзүүлэх зээл, тусламжийн дунд хугацааны стратегийн баримт бичиг (CFP 2021-2025)-т тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх төслүүдтэй уялдуулан амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли 2012-2017 онд ажиллаж байсан Монгол Улсад Дэлхийн Банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсондоо сэтгэл хангалуун буйгаа дурдаад тус стратегийн баримт бичигт тусгагдсан Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл хөтөлбөрт онцгой анхаарал хандуулан ажиллахаа дурдав.
Талууд хоорондын хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил, худалдаа, хөрөнгө оруулалтын төрөлжилтийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг үр ашигтай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа нотлов.