Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал өнөөдрөөс эхэллээ. Тус бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Франц, Казахстан, Филиппин, Турк,  АНУ, Вьетнам зэрэг орнуудын төлөөлөгчид, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.

Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах яриа хэлэлцээний уламжлалт тавцан болж ирэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ олон улсын болоод бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал Зүүн хойд Азид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, өрнүүлэх шаардлагатай байгааг харуулж байгааг онцлон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсэв.

Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.