НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын оролцогч талуудын 16 дугаар чуулган 2023 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд холимог хэлбэрээр болж байна. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цахимаар оролцож, үг хэллээ.
Сайд Х.Булгантуяа Монгол Улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколыг соёрхон баталснаас хойш конвенцын үзэл баримтлал, зарчимд нийцсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас энэ хүрээнд хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлж, улмаар 21 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын төвийг байгуулсан талаар дурдахын зэрэгцээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдлыг ханган ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг 6 аймагт байгуулсан талаар танилцуулав.
Мөн “Цахим үндэстэн” санаачилгын хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүмүүст төрийн үйлчилгээг хүргэх ажлыг дэмжих зорилгоор дуудлагын төв байгуулсан талаар мэдээлэв.
Монгол Улсад 115,100 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа 12,500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч байна. Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийн 2 дахь удаагийн тайланг 2019 онд танилцуулса 3 дахь удаагийн тайланг 2023 оны 8 дугаар сард танилцуулна.