Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2023 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Ён Сам-тай зөвлөлдөх уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Г.Амартүвшин БНСУ нь манай гуравдагч хөрш, бүс нутаг дахь чухал түнш орон гэдгийг онцолж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх улс төрийн яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.

Энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг энэ оны хоёрдугаар хагаст зохион байгуулах санал тавив.

Дэд сайд Чой Ён Сам Стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд солонгосын тал чухал ач холбогдол өгдөгийг онцлоод Монгол Улстай бүх талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, хоёр улсын Засгийн газар хоорондын бүхий л механизмыг эрчимжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Дэд сайд Г.Амартүвшин БНСУ-д ажиллах үеэр Жэжү хотноо зохион байгуулагдсан Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгын өндөр түвшний улс төрийн уулзалтад оролцов.

Тус уулзалтад Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгад нэгдэн орсон 70 гаруй орны төлөөлөгчид оролцож, хамтарсан мэдэгдэл гаргав.