Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Элчин сайд нарын уулзалтыг 2023 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулав.

Уг арга хэмжээ нь Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, харилцааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.


Цар тахлын хориг арга хэмжээнээс шалтгаалан 4 жил завсарлаад байсан энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотод суугаа болон Бээжин, Сөүл хотоос хавсран суугаа Европын Холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нар оролцов.

​Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд нарыг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзаж, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай хууль тогтоох байгууллагын салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцож, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.

​Мөн Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Элчин сайд нар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Эрчим хүчний яамны удирдлагатай 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уулзав.

​Уулзалтаар талууд Монгол Улсын Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай боловсрол, хууль эрхзүй, байгаль орчин, аялал жуулчлал, тээвэр логистикийн салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтыг хүрээнд өргөжүүлэх талаар санал солилцов.