Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“МОНГОЛ-ПОЛЬШИЙН БИЗНЕС ФОРУМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“МОНГОЛ-ПОЛЬШИЙН БИЗНЕС ФОРУМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-гийн Монгол Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтарсан бизнес форумыг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар нээж  Монгол, Польшийн худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг ирэх он жилүүдэд шинэ агуулгаар баяжуулж, харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэхэд хоёр талын төр, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

Бизнес форумыг Бүгд Найрамдах Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, хоёр орны төр, хувийн хэвшлийн нийт 300 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд манай талаас  Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, хоёр улсын хооронд худалдааг нэмэгдүүлэх хүрээнд банк, санхүү, тээвэр логистик зэрэг холбогдох салбаруудын хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөж, илтгэл тавив.

Польшийн талаас хүнсний хангамж, хөдөө аж ахуй болон уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулж, мэдээлэл хийв.

Энэхүү бизнес форумын үеэр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон Бүгд Найрамдах Польш Улсын Хөрөнгө оруулалт худалдааны агентлаг хооронд Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гишүүн байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоох уулзалтуудыг зохион байгууллаа.