Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, МЕКСИКИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, МЕКСИКИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал А.Ананд, мексикийн талаас Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Фернандо Гонзалес нар тэргүүлж оролцов.

Талууд уулзалтын үеэр Монгол, Мексикийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолж,  цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт зэрэг салбарт түлхүү өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа нь Монгол, Мексикийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, энэ хүрээнд найрамдлын бүлгийн гишүүдийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа тэмдэглэв.