Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, ХОРВАТЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ХОРВАТЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Загреб хотноо болов.

Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, хорватын талаас Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич, Улс төрийн газрын Ерөнхий захирал Петар Михатов нар тус тус даргалав.

Талууд Монгол, Хорватын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, зам тээвэр, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтын үеэр “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг манай талаас тавив. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллаагааг талууд онцолж, энэ хүрээнд “Ойн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн төслийг хорватын талаас танилцуулж гардуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Загреб хотноо ажиллах үеэрээ Хорват Улсын Шинжлэх ухаан, боловсролын  сайд Радован Фукстэй уулзаж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ үеэр талууд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Үүний дүнд Хорват Улсын их сургуульд 5 хүртэлх оюутан жил бүр тэтгэлэгт хамрагдах боломж бүрдэж байна. Одоогоор монголын 5 оюутан Загребын их сургуульд тэтгэлгээр суралцаж байна.

Загреб хотноо ажиллах үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Хорват Улсын Эдийн засгийн танхимын Ерөнхийлөгч Лука Буриловичтой уулзаж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог дэмжих, хамтарсан бизнес уулзалт хийх асуудлаар ярилцлаа. Мөн Хорват Улсын Далай, зам тээвэр, дэд бүтцийн яамны удирдлагатай уулзалт хийж, “Монгол Улсын Засгийн газар, Хорват Улсын Засгийн газар хоорондын Олон улсад автозамаар ачаа ба зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулах хүсэлтээ тавилаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй юм.