Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрNews eventsОРОСЫН ХҮҮХДИЙН УЛСЫН НОМЫН САНД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОРОСЫН ХҮҮХДИЙН УЛСЫН НОМЫН САНД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Оросын хүүхдийн улсын номын сантай хамтран Монголын түүх, соёл, уламжлал, хүүхдийн уран зохиолыг танилцуулах өдөрлөгийг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Оросын хүүхдийн улсын номын сангийн зүгээс бяцхан уншигчдадаа дэлхийн улс орнуудыг өөртөө нээж, түүх, соёл, тэр дундаа уран зохиолтой нь танилцах боломж олгох зорилгоор зохион байгуулдаг “Улс орнуудыг нээхүй” (“Открывая страны”) цуврал арга хэмжээний төслийн хүрээнд болсон Монголын өдөрлөгт ОХУ-ын сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, эцэг, эхчүүд өргөнөөр оролцлоо.

Өдөрлөгийг нээж Оросын хүүхдийн улсын номын сангийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Лебедева, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшиний гэргий Ж.Булганмаа нар мэндчилгээ дэвшүүлэв. Хүндэт зочноор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй тэргүүтэй Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Тус өдөрлөгт оролцохоор зорьж ирсэн хүүхдийн зохиолч О.Сундуй, Ч.Наранцэцэг, номын санч Д.Оюунбилэг, Ц.Нацагдулам нар Монголын хүүхдийн уран зохиолын тухай илтгэл бэлтгэж, хүүхэд багачуудад танилцуулахын зэрэгцээ “Миний Монгол” сэдэвт хүүхдийн уран зургийн үзэсгэлэн, Монголын хүүхдийн номын үзэсгэлэн дэлгэж, арга хэмжээний төгсгөлд өөрсдийн зүгээс Оросын хүүхдийн улсын номын сангийн сан хөмрөгт хандивлав.

Өдөрлөгийн хүрээнд Оросын хүүхдийн улсын номын сангийн Үзэсгэлэнгийн их танхимд Монгол гэрийн үзүүлэн, үндэсний хувцсыг ирсэн зочид ихэд сонирхож, зураг татуулж, Оросын улс түмний найрамдлын их сургууль (РУДН)-ийн монгол оюутнуудын бүжгийн хамтлагийн монгол бүжиг, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москвагийн их сургуулийн сонсогч Б.Тамир, ЭСЯ-ны ажилтан Д.Чимэд нарын толилуулсан морин хуурын аялгуу, уртын дууны номерыг шимтэн үзэж сонирхлоо.

Мөн бяцхан орос зочид монгол ааруул, боорцог, мини-хуушуурыг амтархан идэж, шагайн харваа, “Алаг мэлхий” тоглохыг заалган, уралдаж наадсан юм.

Оросын хүүхдийн улсын номын сангийн зүгээс зохиосон асуулт хариултын уралдаанд орос уншигчид идэвхтэй оролцож, шагнал хүртэхийн зэрэгцээ хүрэлцэн ирсэн монгол хүүхдүүдийн хариултаас Монгол Улсын тухай шинэ зүйлс сурч байв.

Хөтөлбөрийн төгсгөлд ЭСЯ-ны ажиллагсдын хүүхдүүд монгол бичиг, каллиграфын багш Ц.Дорждэрэм, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москвагийн их сургуулийн сонсогч О.Тэмүүжин нарын тусламжтайгаар алдарт Алунгуа эхийн эв эеийг бэлгэдсэн домгийн жүжигчилсэн тоглолтыг үзүүлээд, эв эеийг эрхэмлэхийг каллиграфын урлагаар дамжуулан уриалсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татав.

Үүний дараа монгол бичиг, каллиграфын багш Ц.Дорждэрэмийн хөтлөн явуулсан каллиграфын мастер-класст хүүхдүүд идэвхтэй оролцож, Монголын өдөрлөгийн дурсгалын зүйлсийг өөрийн гараар урлаж авч үлдсэн нь онцлог боллоо.