Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус клубын гишүүд, дэмжигчид энэхүү ойг угтах олон үр өгөөжтэй ажил төлөвлөж хэрэгжүүлж байна.
Ойн арга хэмжээний хүрээнд клубын Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу энэ 4 дүгээр сарын 13-ны өдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн чөлөөт бөхийн дугуйлангийн заал тохижуулах, “Аутизмын хүрээний эмгэг” сэдэвт эцэг, эхчүүдэд зориулан 500 ширхэг гарын авлага хэвлүүлэх, Хэнтий аймгийн Баянхутаг сумын эрүүл мэндийн төвийн эхчүүдийн төрөх өрөө болон хүүхдийн өрөөг эрүүл ахуйн стандартын дагуу тохижуулах төслүүдийн санхүүжилтэд тус бүр 5 сая төгрөг хандивлах болсон батламжийг дээрх байгууллагын удирдлагад гардуулах ёслол Гадаад харилцааны яаманд болов.
Энэхүү хандивыг тус клубаас жил бүрийн намар зохион явуулдаг, “Сайн санааны үйлс – 2022” олон улсын өдөрлөгт оролцсон Австрали, Америк, Беларусь, Вьетнам, Итали, Казахстан, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Түркиэ, Хятад, Энэтхэг, Эстони, Японы ЭСЯ-д болон Монако, Нидерланд, Филиппины Өргөмжит Консулын газрууд манай нийгмийн эмзэг бүлэгт, нэн ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор цуглуулсан юм.