Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, СЛОВЕНИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, СЛОВЕНИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын анхдугаар Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Любляна хотноо боллоо.

Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, словенийн талаас Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Самуэл Збогар нар тэргүүлэн оролцож, “Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн Зөвлөлдөх уулзалтын механизмтай болох тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Словенийн харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжиж ирснийг онцолж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг, худалдаа, ойн менежмент, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцааны асуудлаар ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “ Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-д Словени Улсын Гадаад хэргийн сайдыг оролцуулах санал тавилаа.

Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах, хувийн хэвшил хоорондын “Бизнес уулзалт”-ыг тогтмолжуулах, “Монголд зочлох жил”, “Тэрбум мод” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтрах талаар талууд мөн санал солилцлоо .

Монгол Улс Бүгд Найрамдах Словени Улстай 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил харилцааны 30 жилийн ой тохиож буй юм.