Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭЛЖИТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ АЖИЛТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙВ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭЛЖИТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ АЖИЛТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын байгууллагын монгол ажилтнуудын төлөөлөлтэй хийсэн өглөөний уулзалт ГХЯ-нд өнөөдөр болов.

Энэхүү өглөөний уулзалтад Нэгдсэн Үндэстний байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын валютын сан, ЖАЙКА, КОЙКА, ТИКА зэрэг олон улсын болон банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш агентлагт ажиллаж буй 60 гаруй монгол мэргэжилтэн оролцлоо.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, түүний дотор “Шинэ сэргэлтийн бодлого”, гадаадын зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулж, олон улсын байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллах, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн асуудлыг чухалчилж, оновчтой гарц, шийдлийг эрэлхийлэн, талуудын оролцоо, уялдааг хангахын төлөө идэвхтэй ажиллаж байгаад оролцогчид талархал илэрхийлж, салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн бодлогыг тууштай, тогтвортой хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, бодлогын зөвлөмж гаргах, түншлэлийг бэхжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Засгийн газартай нээлттэй зөвлөлдөн, хамтран ажиллахыг оролцогчдод уриаллаа.

—oOo—