НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ-нд болов.
Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хороог Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран даргалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын холбогдох байгууллагууд болон НҮБ-ын системийн байгууллагын төлөөллүүд багтаж байна.
Тус хороо нь 2022 оны 5 дугаар сард батлагдсан “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллах юм.
Монгол-НҮБ-ын ирэх 5 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнг тодорхойлсон энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 1/ Хүний хөгжил, сайн сайхан байдал, 2/Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, 3/ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн чиглэлээр Үр дүнгийн бүлгүүд ажиллана.
Хамтарсан удирдах хорооны өнөөдрийн хурлаар НҮБ-аас Монгол Улсад 2017-2022 онд хэрэгжүүлсэн “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн үр дүнг хэлэлцсэний зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, гишүүдийн саналыг тусгаж батлахаар тогтов. Мөн хурлаар Хамтарсан удирдах хорооны болон Үр дүнгийн бүлгүүдийн ажлын даалгаврыг батлав.
Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны дараагийн хурал 2023 оны 10 дугаар сард болно.
—оОо—