Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН БНХАУ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БӨГӨӨД МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН БНХАУ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БӨГӨӨД МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь Суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал Жастин Коулсонг энэ оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Хүн амын сан манай улсын хүн амын хөгжил, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхэд залуучуудыг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Талууд НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн 2022 онд баталсан Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орны 7 дахь хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахаа нотолж, ирэх 5 жилд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудын тодорхой чиглэлүүдээр дэлгэрэнгүй санал солилцов.

           Тус сангаас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орны 7 дахь хөтөлбөрийг 20.7 сая ам.долларын санхүүжилттэйгээр, (1) урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг зогсоох, (2) гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг зогсоох, (3) жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоох (4) өсвөр үе, залуучуудын нийгмийн оролцоог дэмжих зэрэг үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр баталсан.

           Монгол Улс НҮБ-ын Хүн амын сантай 1976 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сан манай улсад 1992 онд Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд бүсийн салбараа нээж, улмаар 1999 онд Суурин төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байгаад 2019 оноос НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Алба гэсэн шинэ удирдлагын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.