Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ФУАТ ОКТАЙД БАРААЛХАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ФУАТ ОКТАЙД БАРААЛХАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав.

Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг гардуулж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд уламжилж өгөхийг хүслээ.

Мөн өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нотлов.

Гамшигт нэрвэгдээд буй хүнд цагт хүмүүнлэгийн яаралтай тусламжийг нэн даруй үзүүлсэн орнуудын нэг нь Монгол Улс, монголын ард түмэн байсан бөгөөд түүнд туркийн төр, засаг, ард түмэн гүнээ талархаж, байнга дурсаж байх болно гэдгээ Дэд Ерөнхийлөгч Фуат Октай илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгмийн олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж “стратегийн түншлэл”-д хүргэх, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого зорилтуудаа уялдуулж, худалдаа, хоёр талын харилцааны бэлэг тэмдэг болохуйц бүтээн байгуулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.

Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд үлэмж нэмэгдүүлж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад онцгой анхаарахын зэрэгцээ, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, түүх, соёлын харилцааг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Дэд Ерөнхийлөгч Фуат Октай нотлов.