Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН V БАГА ХУРАЛ КАТАР УЛСЫН ДОХА ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН V БАГА ХУРАЛ КАТАР УЛСЫН ДОХА ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын V Бага хурал Катар Улсын Доха хотноо энэ оны 3 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.

Нью-Йорк хотноо 2022 оны 3 дугаар сард болсон Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх НҮБ-ын V Бага хурлын үргэлжлэл болон зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь 2022-2031 онд хэрэгжих Дохагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, эдгээр улсын хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлд тулгуурлан эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд ахиц дэвшил гаргах боломжийг эрэлхийлэх, туршлага хуваалцах, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх НҮБ-ын V Бага хуралд оролцож байна.

Арван жил тутам болдог эл бага хурлын нээлтийн үеэр өдгөө нэн буурай хөгжилтэй ангилалд багтаж буй 46 улсын удирдагчдын дээд түвшний уулзалт, мөн эл бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээ болов.

Бага хурлын хөтөлбөрийн дагуу дараагийн өдрүүдэд Бүгд хуралдаанууд, 8 дугуй ширээний хэлэлцүүлэг (нэн буурай хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулах, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих, бүтцийн өөрчлөлт хэрэгжүүлэх, олон улсын худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, цар тахлын дараах сэргэлт  болон Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөөх түншлэл  хөгжүүлэх зэрэг сэдвээр), Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуус, олон улсын байгууллагуудын хамтран зохион байгуулах тусгай арга хэмжээнүүд болно.

Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх НҮБ-ын V Бага хурал энэ 3 дугаар сарын 9-ний өдөр өндөрлөнө.