Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннинотой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, өмнөө тавьсан нийтлэг зорилтуудаа хэрэгжүүлж, тодорхой үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан “Ойн түншлэлийн тухай” баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тохирч, “замын зураглал”-ыг ойрын хугацаанд батлахаа талууд нотлов.