Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад хавсран суух Элчин сайд Д.Гэрэлмаа 2023 оны 2 дугаар сарын 16-нд тус улсын угсаа залгамжлагч Хунтайж Алуад итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр угсаа залгамжлагч Хунтайж Алуа Элчин сайд Д.Гэрэлмааг хүлээн авч уулзан үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэн ажилд нь амжилт хүсэв.
Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Хунтайж Алуад уламжилж, Монгол Улс, Лихтенштайны Хант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Мөн өдөр Лихтенштайны Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд хатагтай Доминик Хаслер Элчин сайд Д.Гэрэлмааг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт хөгжүүлэх мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хүний эрхийг хамгаалах, ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.