Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН-ТЭЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН-ТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзав.

           Сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Пак Жин-ий 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр ярьж тохирсон ажлууд бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад баяртай байгааг илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын ГХЯ-ны зүгээс өндөр ач холбогдол өгч, нягт хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Тэрээр энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, хоёр улсын бизнес аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхийн сацуу манай улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.

 Иргэд харилцан чөлөөтэй зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх асуудал энэ удаагийн айлчлалын чухал зорилтын нэг болохыг дурдаад иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулан хоёр улсын Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

           БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Засгийн газрын тэргүүний БНСУ-д хийж буй айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн солилцоог дэмжихэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал болж буйд баяртай байгааг тэмдэглэв.

           Тэрээр Монголд элэгтэй хүний хувьд болон БНСУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын ярьж тохирсон зүйлийг бодитой хэрэгжүүлэх, хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглэв.

           Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, олон улсын сонгуульд харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгааг нотлов. Пак Жин сайд Пусан хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай хот төдийгүй шууд нислэг үйлдэх замаар хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг дурдаад “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг Пусан хотноо зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс БНСУ-ыг дэмжихээ илэрхийлсэнд талархал илэрхийлэв.