Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээСАУДЫН АРАБЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби-г 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын ээлжит бага хурлуудыг Саудын Арабын Хаант Улс болон Монгол Улс тус тус хүлээн авч зохион байгуулах асуудлаар олон улсын тавцанд харилцан уялдаатай ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд харилцан айлчлал хэрэгжүүлэх, ГХЯ-д хооронд яриа хэлэлцээний механизм байгуулахын чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Абдулрахман Ахмад Аль Харби Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын харилцааг, улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж, энэ хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн манай хоёр улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг тус тус зохион байгуулахтай холбогдуулан Саудын Арабын Хаант Улсын туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, олон улсын бусад байгууллагын сонгуулийн талаар санал солилцов.