ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын хэрэгжилтийг хангах Дэлхийн өвийн үндэсний хорооны 2023 оны анхны хурал энэ 2 дугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.
Гадаад харилцааны дэд сайд, Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга Г.Амартүвшин хурлыг нээж, Дэлхийн өвийн конвенцын хэрэгжилттэй холбоотой цаг үеийн онцлох ажлуудын талаар мэдээлэхийн сацуу үндэсний хорооны гишүүдийг хүч чармайлтаа нэмэгдүүлэн, хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав.
Ээлжит хурлаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад соёлын болон байгалийн ангиллаар бүртгэгдсэн “Алтайн өндөр уулс”, “Буган чулуун хөшөө ба холбогдох дурсгалт газрууд, Хүрлийн үеийн соёл” цуврал өвийн газар нутаг номинац, ОХУ-тай хамтран хил дамнасан Байгалийн өвөөр бүртгүүлсэн Дагуурын ландшафтын хадгалалт хамгаалалтын асуудал, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөг тус тус хэлэлцлээ.
Түүнчлэн Дэлхийн өвийн үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, төлөвлөгөөг ойрын хугацаанд батлуулж, хорооны гишүүдэд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол улс Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орж 2003 онд Увс нуурын ай сав газар, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2017 онд Дагуурын ландшафт өвийг Дэлхийн өвд тус тус бүртгүүлсэн. Үүний дээр нийт 12 байгаль, соёлын өвийг үндэсний урьдчилсан жагсаалтад бүртгүүлээд байна. Уг конвенцын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах хүрээнд Дэлхийн өвийн үндэсний хороог 1999 онд байгуулсан.