Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын IV Зөвлөлдөх уулзалтад оролцож, Вашингтон хотноо ажиллах үеэрээ АНУ-ын Засаг захиргааны холбогдох албаны хүмүүстэй уулзав. Тухайлбал, АНУ-ын Цагаан ордон, Төрийн департамент, Конгрессын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд шинэ чиглэл, салбаруудад хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн төлөв байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2023 онд улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх, үүнд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан газар, Худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорац, Экспорт, импорт банк, Хөгжлийн санхүүжилтийн корпорацын удирдлагатай тус тус хоёр талын уулзалт хийв.

Уулзалтуудын үеэр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжууд болон банк санхүү, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, тээвэр, цахим эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, ойрын болон дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.