Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ян Вытопил “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг чехийн талаас бүрэн хангасан тухай мэдэгдсэн ноот бичгийг дэд сайд Г.Амартүвшинд гардуулав.
Талууд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 5 дугаар сард Прага хотноо гарын үсэг зурж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцоонд 2023 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.
Уг хэлэлцээрийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Чингэснээр Чех Улсад ажиллаж, амьдарч буй манай 12 гаруй мянган иргэний нийгмийн хамгааллын эрх хангагдах боломж бүрдэж байна.