Бүгд Найрамдах Польш Улсын Вүүж хотноо 2022 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 29 дүгээр уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтын Бүгд хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр ЕАБХАБ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, тус байгууллагын үйл ажиллагааг эдийн засаг, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд түлхүү хандуулж ажиллахыг уриалав. Түүнчлэн, авлига, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээрх хамтын ажиллагааг ЕАБХАБ болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлэн ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Сайд нарын зөвлөлийн 29 дүгээр уулзалтад оролцох үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Рейнсалу, ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн төлөөлөгч И.Хасанитай нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.