Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 25 дугаар хуралдаан 2022 оны 11-р сарын 24-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулагдав.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн хуралдаан нь 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгуулллагад 1992 онд ажиглагч гишүүн, улмаар 2002 онд албан ёсны гишүүнээр элсэж, өнөөг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж байна.
Хуралдаанаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас 2021-2022 онуудад гишүүн улсуудын хэрэгжүүлсэн ажил, сургалт, семинар, хүмүүнлэгийн тусламжийн талаар танилцуулж, 2023-2024 онуудад хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагаа болон төсөв, санхүүжилтийн талаар хэлэлцэв.
Мөн энэ үеэр Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж, шинээр байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлд 14 улс ажиллахаар болов. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн даргаар Тунис Улс 2 жилийн хугацаатайгаар сонгогдов.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 25 дугаар хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.