Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улс чухал гуравдагч хөрш, дотны түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

Элчин сайдын зүгээс ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд 2022 онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, цаашид, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын худалдаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бололцоо, Монгол-Америкийн хооронд шууд нислэгтэй болох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Элчин сайд Р.Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн барьж, үүрэгт ажилдаа орсон.

***