Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээАВСТРАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАВ

АВСТРАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой Австралийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хамтран ажиллах зорилгоор Австрали-Монголын Бизнес Зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдлаа.

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Бизнес зөвлөлийн анхдугаар уулзалтыг Рио Тинто компанитай хамтран зохион байгуулав.  Арга хэмжээг нээж Элчин сайд Д.Даваасүрэн, Рио Тинто компанийн Зэсийн группын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар үг хэлэв.

Анхдугаар уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хүндэт зочны хувиар оролцон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Австрали-Монголын Бизнес Зөвлөлийн анхдугаар уулзалтад Австралийн Гадаад хэрэг худалдааны яам, Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг болон бизнесийн 30 орчим төлөөлөгчид оролцож, хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.