Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСАД ХУУРАЙ БООМТ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧ НАР ЗӨВЛӨЛДЛӨӨ

МОНГОЛ УЛСАД ХУУРАЙ БООМТ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧ НАР ЗӨВЛӨЛДЛӨӨ

МОНГОЛ УЛСАД ХУУРАЙ БООМТ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧ НАРЫН ТҮВШНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ

 Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалтыг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтад Монгол, Орос, Хятадын тээврийн яам, гааль, төмөр зам, төрийн захиргааны холбогдох бусад байгууллага болон олон улсын байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл биечлэн болон цахимаар оролцов. Түүнчлэн хуурай боомтын талаар сайн туршлагаасаа хуваалцахаар Казахстан зэрэг орны төлөөлөгчид хүрэлцэн ирсний дээр НҮБ-ын АНДЭЗНК-ын гишүүн орнуудын Улаанбаатар дахь ДТГ-ын төлөөллүүд оролцож Монгол Улсад хуурай боомт байгуулахтай холбоотой бүхий л талын асуудлаар хэлэлцээ өрнүүлэв.

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн төв, баруун болон зүүн коридор дагуух боомт, чөлөөт бүсэд хуурай боомт байгуулах боломжийн талаар судалгаа, үнэлгээг Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын АНДЭЗНК-той хамтарч хийснийг дээрх хуралдаанаар мөн хэлэлцэв.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлж тээврийн зардлыг бууруулах, үүгээр зогсохгүй аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, гадаад хөрөнгө оруулалтын орчныг таатай болгоход хуурай боомт чухал ач холбогдолтой юм.

Манай улсын гуравдагч оронтой хийх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээвэр ОХУ, БНХАУ-ын газар нутаг, далайн боомтуудаар дамжин өнгөрдөг тул Монгол Улс олон улсын тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр хоёр хөрш оронтойгоо нягт хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны дүнд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт талууд гарын үсэг зурсан бөгөөд эдүгээ дээрх хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг хөгжүүлэх, хил дамнасан автотээврийг хөгжүүлэх зэрэг тээвэр, логистикийн төслүүд эхнээсээ ажил хэрэг болон хэрэгжиж байна.

Гурван улсын эдийн засгийн коридорын дагуу хуурай боомтыг барьж хөгжүүлэх нь гурван улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт үүсээд буй тээврийн хямрал, зангилааг хөнгөвчилж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, КОВИД-19 цар тахал, олон улсын нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахад түлхэц болох учиртай.

Хуурай боомт байгуулах асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Транзит Монгол санаачилга, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг баримт бичгүүд дэх зорилтуудтай нягт уялдаатай. Мөн НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт 9, болон бүс нутгийн бусад олон санаачилга, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны яам нь НҮБ-ын АНДЗЭНК-той хамтарч хийсэн судалгаанаас гадна Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэслэлийг боловсруулах харьцуулсан судалгааг гаргасан болно. Мөн дотоодын мэргэжилтэн, шинжээч нарт зориулсан хуурай боомтын талаар сургалтыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран 2020 онд зохион байгуулж, энэ хүрээнд сургалтын гарын авлага гаргасан байна.

Тус уулзалтад оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн төлөөлөгчид хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот дахь олон улсын ачаа тээврийн терминалууд болон гааль, хяналтын үйл ажиллагаатай танилцав.