Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТЛЕУБЕРДИТЭЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТЛЕУБЕРДИТЭЙ УУЛЗАВ

Астана хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6-р уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Тлеубердитэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч, ойрын үед хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалын асуудлаар санал солилцов. Мөн хоёр талын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах талаар ярилцав.

Түүнчлэн соёл, уламжлал, зан заншилын түүхэн хэлхээ холбоотой Монгол, Казахстаны ард түмний соёл, хүмүүнлэгийн харилцааг улам нягтруулж, иргэдийн харилцан солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал нэгдэв.