Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН САЙН ДУРЫН АЖИЛТНУУД МОНГОЛД ЭРГЭЖ ИРНЭ

ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН САЙН ДУРЫН АЖИЛТНУУД МОНГОЛД ЭРГЭЖ ИРНЭ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Мейтью Фэрэнс, Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарай нарыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол дахь Энх тайвны корпусын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд монголын талд талархал илэрхийлээд, КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд энэ 10 дугаар сарын 18-ны өдөр Монголд эргэн ирж, үйл ажиллагаагаа сэргээж байгаа талаар мэдээлэв.

Сайн дурын ажилтнуудын эхний ээлж 27 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түлхүү англи хэлний боловсрол болон нийгмийн хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулах аж.

АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ой 2021 онд тохиосон бөгөөд өнөөг хүртэл Энх тайвны корпусын нийт 1,400 гаруй сайн дурын ажилтан манай улсын 21 аймгийн 150 гаруй сумд ажиллаж, монголчуудын нийгмийн хөгжил, ялангуяа англи хэлний боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.