Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрNews eventsМОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АСТАНА ХОТЫН ДАРГА А.КУЛЬГИНОВТОЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АСТАНА ХОТЫН ДАРГА А.КУЛЬГИНОВТОЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ энэ сарын 12-ны өдөр Астана хотын дарга А.Кульгиновтой уулзав.

Талууд уулзалтаар 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Улаанбаатар хот, Нурсултан /одоогийн Астана/ хотууд хооронд хамтран ажиллах тухай гэрээ”-ний хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцын талаар санал солилцов.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол, Казахстаны ард түмэн түүх, соёл иргэншил, зан заншлын хувьд гүнзгий хэлхээ холбоотой. Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, ялангуяа Хөшгийн хөндийд баригдах “Шинэ Зуунмод” хотын болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Астана хотын дарга А.Кульгинов Шадар сайд С.Амарсайхан АХАИББХ-ын Дээд түвшний уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд Монгол Улстай худалдаа, эдийн засаг болон бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа онцлов. Түүнчлэн соёлын арга хэмжээ болон бизнес форумыг Астана хотын зүгээс зохион байгуулахад бэлэн буйгаа энэ үеэр тэмдэглэв.