Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро тэргүүтэй төлөөлөгчид энэ 10 дугаар сарын 8–13-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Айлчлалынхаа хүрээнд УИХ, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагуудын албаны хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газар нь гишүүн орнууд дахь хэвлэл мэдээллийн зохицуулалт, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ханган баталгаажуулах талаар гишүүн орнууд үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, гарсан зөрчлийг арилгахад анхаарал хандуулах чиг үүрэгтэй байгууллага юм.