Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалын талаар уулзалтын үеэр Ерөнхий сайд нар санал солилцлоо.

Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн 2017-2021 оны Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг сайшааж, шинээр байгуулах ээлжит Дунд хугацааны хөтөлбөр нь хоёр улсын дараагийн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжсан, олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй, ялангуяа эдийн засаг, бизнесийн хувьд харилцан ашигтай байх түншлэлийг бэхжүүлсэн баримт бичиг болох тухай ярилцлаа.
Бүс нутаг, олон улсын талбарт мөн идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа талууд нотоллоо.