Монгол Улсыг гадаадад сурталчлах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дах Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Гадаад Харилцааны яам, Соёлын яам болон Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Монгол Улсын Их Сургуулийн хамтран зохион байгуулж байгаа “Монголын соёлын өдрүүд” ” цогц арга хэмжээ Бүгд Найрамдах Франц Улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улс, Франц Улсын боловсролын байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулав
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “Байгаль-Эх” лицей сургууль Францын “Мишле” лицей сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав. Хамтын ажиллагааны гэрээнд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, “Мишле” лицей сургуулийн захирал Эрик Бизе нар гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулагдсанаар 10 жилийн хугацаанд жил бүр хоёр монгол сурагч “Мишле” лицей сургуульд суралцах юм.
Франц Улсын “Мишле” лицей сургууль нь байгаль нийгмийн ухааны чиглэлээр төрөлжсөн хөтөлбөртэй, 160 жилийн түүхтэй бөгөөд 1930 онд Монгол Улсын дөрвөн оюутан тус сургуульд сурч, гуравдагч оронд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж байжээ. Үүнээс хойш 92 жилийн дараа дахин хамтран ажиллахаар болсон нь түүхэн ач холбогдолтой гэдгийг “Мишле” сургуулийн захирал Эрик Бизе энэ үеэр онцолж байв.
Мөн өдөр Монгол Улсын Их Сургууль, Франц Улсын Сорбон III их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Соробон III их сургууль нь дэлхийд эхний 50-д эрэмбэлэгддэг. Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоо явагдах бөгөөд хоёр талын судалгааны ажлыг эхлүүлэхээр болов. Монгол, Франц Улсын боловсролын байгууллагуудын энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх ажлын нэг хэсэг юм.
“Нүүдэлчдийн домог” тоглолт Дрю хотод болов
Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт Дрю хотод амжилттай боллоо.
Дрю хотын иргэд монголын уран бүтээлчдийн тоглолтод сэтгэл татагдаж, Монгол Улсад зочлох сэтгэгдэл төрж буйгаа онцолж байв.
Энэ үеэр Дрю хотын удирдлагатай Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү болон Соёлын яамны төлөөлөл уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцав.
Дрю хотыг Архангай аймагтай нөхөрсөг харилцаа тогтоолгох талаар санал солилцлоо. Хотын удирдлагууд энэ оны аравдугаар сард болох Дрю хотын 843 дахь удаагийн баярт Франц Улсад суугаа монгол иргэдийг оролцохыг урьсан бөгөөд Франц дахь “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуяг тэргүүтэй монголчууд Дрю хотын баярт үндэсний өв соёлоо сурталчилж оролцохоор болов.
“Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ “Алдуул модны эрэлд” баримтат киног монголч эрдэмтэн судлаачдад үзүүлж, “Франц дахь Монгол судлалын өнөөгийн байдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгээр Парис хотод үргэлжилж байна.