Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлалын хувьд төдийгүй, томоохон хамтарсан төслүүд, үүний дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд маш чухал юм. ОХУ, Монгол Улс нь хоёр талын уламжлалт хэлхээ холбоогоо идэвхтэй хөгжүүлж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн уулзалтын үеэр Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.
Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдын хамт нийт 24 орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив.