Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Австралийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлзтай уулзаж, хоёр тал болон бүс нутаг, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын эхэнд талууд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн өдөр биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, ойн баярын мэндчилгээг харилцан дэвшүүлэв.
Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар Австралийн Холбооны Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэж, ирэх 50 жилд хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, боловсрол, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, онцгой байдал зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Австралийн Шадар сайд Ричард Марлз хоёр улсын найрсаг харилцааг цаашид ч уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Түүнчлэн, тэрээр Шадар сайд С.Амарсайханыг ирэх өдрүүдэд Австралийн Брисбен хотноо болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д оролцохоор ирсэнд талархал илэрхийлж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улс идэвхтэй оролцож буйд баяр хүргэв.