Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.
Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.
Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.
Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.
Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.
Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.