Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Тус комиссын Монголын хэсгийн төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Вьетнамын хэсгийн төлөөлөгчдийг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан нар тэргүүлж оролцов.
ЗГХК-ын 18 дугаар хуралдаанаар талууд Монгол, Вьетнамын улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, дотны түнш Вьетнам Улсыг энэхүү харилцааны гүүр хэмээн үздэгийг онцлов.
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан Монгол Улсад хийж буй ажлын айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын анд нөхөд найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үүднээс дээд, өндөр болон бүхий л түвшний төлөөлөгчдийн солилцоог цаашид үргэлжлүүлэх талаар санал нэгдэв. 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг угтан дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаар болов.
Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх өргөн нөөц бололцоо бий гэдэгт санал нэгдэж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Цаашид хоёр орны худалдааг нэмэгдүүлэх, худалдааг хоёр талын урсгалтай болгох хүрээнд Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох боломжийг үргэлжлүүлэн судалж, нягт хамтран ажиллахаар тогтов.
Түүнчлэн Монгол, Вьетнам хоорондын хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлтийг 2025 он гэхэд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллахаар болов.
Талууд Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн үхэр, хонь, ямааны махны экспортын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдол өгч, вьетнамын тал 2022 оны 4 дүгээр улиралд багтаан үнэлгээний ажлын хэсэг, холбогдох мэргэжилтнүүдийг Монгол Улсад томилон ажиллуулж, “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний загварыг 2022 онд багтаан эцэслэн тохирохоор болов.
Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн хөгжилд нэн хэрэгцээтэй буй салбар болох эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах экспертүүдийг бэлтгэх хүрээнд Вьетнам Улсын дэлхийн бусад улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагыг судлах, цаашид манай мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд зориулсан сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тохиров.
Талууд хоёр улсын хоорондын зам тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжит гарцыг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Энэ хүрээнд хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нягт хамтран ажиллахаар тогтов.
Вьетнамын тал Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орох сонирхлоо илэрхийлэв. Монголын тал Вьетнам Улсыг тус хэлэлцээрт нэгдэх асуудал нээлттэй болохыг мэдээлж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Талууд хоёр улсын агаарын тээврийн компаниуд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг тогтмол үйлдэх замаар зорчигч тээвэр, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Хоёр тал хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй туршлагыг судлах, ахмад настныг чадавхжуулах солилцооны хөтөлбөр зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Хуралдааны хүрээнд сайд Ле Минь Хоан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нартай тус тус уулзав. Энэ үеэр “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.