Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээНордикийн орнуудад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалт болов

Нордикийн орнуудад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалт болов

Монгол Улсаас Нордикийн орнууд болон Эстони Улсад суугаа Өргөмжит консулуудын 5 дахь удаагийн Стокхолм хотноо 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Шьетил Крэйн, Данийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Майкл Хаслунд, Финланд Улсад суугаа Өргөмжит консул Хенрик Яанкес болон Эстони Улсад суугаа Өргөмжит консул Лийси Каринди нар оролцов.

Уулзалтын үеэр Элчин сайдын яамнаас Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтууд, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнүүд болон гадаад харилцааны салбарын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улсын консулын үйлчилгээ, цахим визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Цаашид Өргөмжит консулуудтай хамтран Нордикийн орнуудад динозаврын явуулын цомхон үзэсгэлэн гаргах боломжийг судлах, Хөвсгөл далайг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх арга хэмжээг дэмжих, монгол бүтээгдэхүүнийг Нордикийн зах зээлд таниулах арга хэмжээ зохион байгуулах, соёл, боловсролын харилцааг идэвхжүүлэх, 2023-2024 онуудад тохиох хоёр талын дипломат харилцааны тэгш ойгоор соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов. Уулзалтын дараа Өргөмжит Консулууд Стокхолмын Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй монголын түүх,  соёлын өв, дурсгалуудтай тусгайлан танилцав.