Энэ 8 дугаар сарын 22-26-нд Женев хотноо болж буй Зэвсгийн худалдааны гэрээнд оролцогч талуудын 8 дугаар бага хурлын өнөөдрийн Бүгд хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг танилцуулж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ энэ жил Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой тохиож байгааг тодотгоод, Монгол Улс ердийн зэвсгийн худалдааг зохицуулах талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжиж ирснийг тэмдэглэв. Мөн ердийн зэвсгийн хууль бус худалдаа, шилжүүлгээс урьдчилан сэргийлэх олон улсын хэм хэмжээг бэхжүүлэхэд Зэвсгийн худалдааны гэрээ ихээхэн ач холбогдолтой болохыг тэрээр онцлоод, тус гэрээнд гарын үсэг зурсан улсын хувьд Монгол Улс гэрээний зорилго, агуулгыг эрхэмлэж ирснийг тэмдэглэв.
Зэвсгийн худалдааны гэрээ нь ердийн зэвсгийн олон улсын худалдааны зохицуулалтыг сайжруулах, ердийн зэвсгийг хууль бусаар худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон улсын гэрээ бөгөөд өдгөө 111 улс уг гэрээнд нэгдэж, 30 улс гарын үсэг зураад байна. Монгол Улс 2013 онд тус гэрээнд гарын үсэг зурсан.