Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий захирал О.Азулейг хүлээн авч уулзсан бөгөөд тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нартай тус тус уулзалт хийж цаашид манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.     

Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей нар Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хооронд 2022-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

Ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Чойжин ламын сүм музей, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газарт тус тус зочиллоо.   

Энэхүү ажлын айлчлал нь Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бататгасан чухал айлчлал болов.