Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзсан бөгөөд айлчлалтай холбогдуулан хоёр тал хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийсэн юм.
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн хийсэн хэвлэлийн мэдэгдлийг хүргэж байна.
ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ
Энэ жил Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хадагтай Одри Азулей манай улсад айлчилж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэ удаагийн айлчлал нь 1971 оноос хойш манай улсад ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын түвшинд хийж буй 6 дахь айлчлал бөгөөд ЮНЕСКО-гоос бүх хүн төрөлхтний соёлын өв хэмээн хүлээн зөвшөөрсөн Монголын үндэсний их баяр наадмын үеэр болж байгаад туйлын баяртай байна.
Хадагтай Азулей нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар 2017 онд анх сонгогдож, 2021 онд буюу дэлхий дахинд цар тахал дэгдээд байсан хүнд хэцүү үед улиран сонгогдсон. Ерөнхий захирал Азулей нь хүн төрөлхтөн Ковид-19 цар тахлаас үүдэлтэй ихээхэн хүнд сорилттой тулгарсан үед ЮНЕСКО-г гарамгай сайн удирдаж, цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед монгол болон бусад олон улс орнуудад сургууль хааснаас үүдэлтэй бий болсон сургалтын хоцрогдлыг бууруулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол эзэмшихэд нь туслахын төлөө уйгагүй хичээл зүтгэл гаргаж ирсэнд нь талархал илэрхийлье.
Энэхүү айлчлалын хүрээнд бид Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Энэхүү санамж бичиг нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбар дахь бидний хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Шинээр байгуулсан санамж бичигт Монгол Улс болон ЮНЕСКО нь геологийн шинжлэх ухаан, эко аялал жуулчлалыг дэмжих зорилгоор манай улсад анх удаа геопарк байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Ковид-19 тахлын дараах “new normal” үед боловсролын салбарт цахим шилжилт хийх нь асар чухал гэдэгтэй санал нэгдлээ. Тиймээс бид цаашид интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн, боловсролын салбарын мэдээлэл харилцаа холбоо технологийн бодлогын хүрээг боловсронгуй болгох, цахим сургалтын чанартай контентыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн, Монгол Улсын “Дижитал үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Монгол Улс ЮНЕСКО-д элссэнээс хойших 60 жилийн хугацаанд ЮНЕСКО нь манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг мөн онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үүний зэрэгцээ, манай улс ч мөн адил “Хүн төрөлхтний оюун ухаан, ёс суртахууны эв нэгдлийг” бий болгохын төлөө хичээн зүтгэж, дэлхийд энх тайвныг цогцлоон, тогтвортой хөгжилд хөтлөх ЮНЕСКО-гийн эрхэм зорилго, үзэл санааг идэвхтэй дэмжиж ирснийг онцлон тэмдэглэе. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
***