ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын хэрэгжилтийг хангах Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал 7 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.
Ээлжит хурлаар Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад орсон “Алтайн өндөр уулс” өвийн номинацитай холбогдуулан ЮНЕСКО-гийн дэргэдэх Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ийн Монгол Улсад хийх техникийн үнэлгээний төлөвлөгөө болон Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг өвийн менежментийн төлөвлөгөөг хэлэлцлээ.
Дэлхийн өвийн конвенцод 2022 оны байдлаар 194 улс нэгдэн орсон ба Монгол Улс нийт 5 өвийг Дэлхийн өвийн үндсэн жагсаалт, 12 өвийг урьдчилсан жагсаалтад бүртгүүлээд байна.