Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч И.Кассис Элчин сайд Д.Гэрэлмааг хүлээн авч уулзаж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Элчин сайдад баяр хүргэн ажлын амжилт хүсэв.

Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг  Ерөнхийлөгч И.Кассист уламжилж, Швейцарын Холбооны Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2023-2024 оны байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн ялдамд Монгол, Швейцарын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.

Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монгол Улсад хэрэгжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүд нь монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, үр өгөөжтэй хэрэгжсэнийг талууд тэмдэглэв.