Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, ВЬЕТНАМЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад айлчилж буй БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд, Вьетнам, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Чан Тань Нам тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь уламжлалт түнш болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаанд чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, Вьетнам Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг онцлов. Тэрбээр цаашид хоёр улсын аж ахуйн нэгжүүдэд харилцан хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжихийн чухлыг тэмдэглэж, энэ хүрээнд Вьетнам Улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Вьетнам Улсаас жимс, жимсгэнэ импортлох чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.

 Дэд сайд Чан Тань Нам Монгол, Вьетнамын бизнесийн зөвлөл байгуулах замаар хоёр улсын хамтын ажиллагааны нөөц боломжуудыг бүрэн ашиглаж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн тэрбээр цаашид Вьетнам, Монгол хоорондын шууд нислэгийг тогтмолжуулах, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлтийг 2022 онд 100 сая ам.долларт, 2025 он гэхэд 500 сая ам.долларт хүргэх бүрэн боломж байгааг тэмдэглэв.

Дэд сайд Чан Тань Нам-ыг дагалдан Монгол Улсын зах зээл, нэн ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхайн салбарыг сонирхож буй вьетнамын 50 гаруй аж ахуйн нэгжийн бизнесийн 80 гаруй төлөөлөл ирж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Монгол, Вьетнамын бизнес форум”-ыг энэ 6 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын XVIII хуралдааныг 2022 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров.