Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PDAC 2022” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PDAC 2022” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (Prospectors & Developers Association of Canada)-ноос 2022 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулсан “PDAC 2022” чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тэргүүтэй монголын төлөөлөгчид, уул уурхайн компаниуд оролцов.

Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн арга хэмжээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон бусад төлөөлөгч оролцлоо.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсаа сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор Mongolia@PDAC2022 бизнес форумыг зохион байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф нар нээлтийн үг хэлэв.

Mongolia@PDAC2022 арга хэмжээнд гадаадын төрийн байгууллага, уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагч 150 гаруй зочин оролцож, зэс, алт, металлургийн нүүрс, литийн хайгуул, олборлолт зэргийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад уул уурхайн салбарын оролцоо” сэдвээр зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн сайд нарын дээд түвшний VII уулзалтад мөн оролцов.

Чуулга уулзалтын үеэр “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон төлөөлөгчид Канадын Нийтийн танхимын гишүүн бөгөөд Байгалийн баялгийн сайдын Парламент дахь нарийн бичгийн дарга Ивонн Жоунс, Канадын хайгуулч, олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Алекс Кристофер, Канадын Экспортыг дэмжих байгууллагын Олборлох аж үйлдвэр, төслийн санхүүжилт хариуцсан захирал Эшли Глен, Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын уул уурхайн асуудал хариуцсан захирал Дийн МакФерсон, Онтарио мужийн Ерөнхий Аудитор Бонни Лизик нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон уул уурхайн компаниудын удирдлага Канадын “Бринкман Рифорестейшн” ойжуулалтын компанийн Гүйцэтгэх захирал Жюди Тетро-той уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Канад Улсын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдсан уул уурхайн салбарын хамгийн нэр хүнд бүхий “PDAC” олон улсын чуулга уулзалтад нийт 135 орны 23,000 гаруй төлөөлөгч, 2,500 гаруй хөрөнгө оруулагч оролцож, 1,100 гаруй компани үзэсгэлэн гаргасан байна.