Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД К.СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД К.СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээ болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд энэ онд байгуулсан Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгааг сайшаан тэмдэглэж, цаашид иргэдийн солилцоог дэмжих, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.