Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХӨВСГӨЛ НУУРЫГ ЮНЕСКО-ГИЙН “ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ”-НД БҮРТГҮҮЛЭВ

ХӨВСГӨЛ НУУРЫГ ЮНЕСКО-ГИЙН “ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ”-НД БҮРТГҮҮЛЭВ

Парис хотноо 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр ээлжит хурлаар манай улсын Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулав. Ингэснээр энэхүү дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн Монгол Улсын шим мандлын нөөц газрын тоо 8 болж нэмэгдэж байна.

Монгол Улс энэ сүлжээнд Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд тус тус бүртгүүлсэн бөгөөд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Шим мандлын хил дамнасан нөөц газрын ангилалд 2021 онд бүртгүүлсэн юм.

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгүүлснээр тус газар нутгийн олон улсын ач холбогдол нэмэгдэж,  нуурыг хамгаалах, зүй зохистой хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно.